Үйлчилгээний нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Developers.monpay.mn буюу Монпэй OPEN API платформ ашиглан холболт хийх үед талуудын хооронд үүсэх Монпэй үйлчилгээний хамтын ажиллагаа, төлбөр тооцооны харилцааг зохицуулна.

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Монпэй OPEN API платформын хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Монпэй OPEN API платформыг ашиглах боломжтой болно. Монпэй OPEN API платформын хэрэглэгч нь "Цахим мөнгө хүлээн авагчийн гэрээ"-г Мобифинанс-тай байгуулснаар API холболт хийсэн үйлчилгээ бүрэн төгөлдөр хэрэгжинэ.

1.2 Энэхүү үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно. Үүнд:

1.2.1 "Монпэй үйлчилгээ" гэж Монпэй цахим мөнгөний дансаар төлбөр тооцоо гүйцэтгэх боломж бүхий цахим мөнгөний үйлчилгээг;

1.2.2 "Цахим мөнгө" гэж Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий бэлэн бус төлбөрийн хэрэгслийг;

1.2.3 "Цахим мөнгө хүлээн авагч-мерчант: гэж бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөө Монпэй дансаараа хүлээн авах иргэн, хуулийн этгээдийг;

1.2.4 "Хэрэглэгч" гэж цахим мөнгөний Монпэй данс эзэмшиж, уг дансаараа цахим цахим мөнгөний үйлчилгээ авч буй иргэн, хуулийн этгээдийг;

1.2.5 "Мерчантын Монпэй данс" гэж Монпэй дансаар хийгдсэн төлбөрийг цуглуулах зорилгоор Монпэй системд Цахим мөнгө хүлээн авагчийн нэрээр нээсэн цахим мөнгөний дансыг;

1.2.6 "Монпэй апликейшн" гэж цахим мөнгөө удирдаж, бүх төрлийн төлбөр тооцоо, шилжүүлгийг хялбар аргаар гүйцэтгэх боломжтой, хэрэглэгчдэд зориулагдсан апликейшныг;

1.2.7 "Мини апликейшн" гэж мерчантууд өөрийн вэбсайт болон апликейшнаа Монпэй апликейшнд оруулах замаар хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгох, борлуулах боломжтой нээлттэй платформыг;

ХОЁР. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА

Монпэй OPEN API платформ нь Мобифинансын өмч бөгөөд API ашиглан холболт хийхээс бусад зорилгоор ашиглахыг хориглоно.

Талууд нь API холболтын явцад олж авсан мэдээлэл, системийн холболт, үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээллийг аливаа байдлаар задруулах, интернет, олон нийтийн сүлжээнд тавихыг хориглоно.

2.1 Мерчантын үйлчилгээ үзүүлдэг төхөөрөмж, програм хангамж хэвийн бус ажилласан, төхөөрөмж эвдэрсэн, унтарсан, сүлжээнээс гадуур гарсан, эрх нь хаагдсан зэрэг Мобифинансаас үл хамаарах шалтгааны улмаас гүйлгээ амжилтгүй болсон тохиолдолд гарах хохирлыг мерчант өөрөө хариуцна.

2.2 Мерчантын бизнес, явуулж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулсан бараа бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хэрэглэгчийн үүсгэсэн аливаа маргааныг өөрөө хариуцна. Тухайлбал, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэрэглэгчдэд санаатай болон санаандгүй буруу мэдээлэл өгсөн, хөнгөлөлт урамшууллыг зарласан хугацаандаа олгоогүй болон түүнтэй холбогдон гарсан гомдол санал болон хохирол гэх мэт зөвхөн энд дурьдсанаар хязгаарлагдахгүй аливаа гомдол зарга, маргаан багтана.

2.3 Мерчант нь API холболтын явцад хөгжүүлэлтийн зардал болон хэвийн найдвартай ажиллагааг шалгах тестийн зардлыг хариуцна.

2.4 Садар самуун сурталчилсан, арьс өнгөөр ялгаварласан, шашин болон улс төрийн утга агуулга бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, үзүүлэхийг хориглоно.

2.5 Талууд 7(долоо) хоногийн 24(хорин дөрвөн) цагийн горимд өөр өөрийн системийн хэвийн, найдвартай, тасралтгүй, аюулгүй үйл ажиллагааг бүрэн хангаж ажиллана. Ийнхүү ажиллагаагүйгээс үүссэн хохирлыг буруутай тал бүрэн хариуцна.